Thursday, May 19, 2016

Криминалистикийн техник зүй

Криминалистикийн техник зүй


            Криминалистикийн шинжлэх ухааны нэг бүлгийн хувьд гэмт хэргийг илрүүлэх, мөрдөх, урьдчилан сэргийлэх, зорилгоор нотлох баримт цуглуулах, шинжлэх ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр криминалистикийн техник хэрэгслэлүүдийг ашиглахдаа тэдгээрт зориулагдсан арга, арга барил, чадвар, арга зүйн заавар зөвлөмжийн дагуу ашиглах тогтолцоо юм.
Криминалистикийн техникийн салбараар
  1. Криминалистикийн техникийн ерөнхий байдал
  2. Криминалистикийн гэрэл зураг ба видео зураг судлал
  3. Ул мөр судлал
  4. Галт зэвсэг судлал
  5. Бичиг баримт, тамга тэмдэг судлал
  6. Гэмт этгээдийг гадаад дүрс байдлаар эрэн сурвалжлах
  7. Криминалистикийн тоо бүртгэл зэргийг судална. 


 Криминалистикийн мөр илрүүлэх хэрэгсэлүүд
Гэрэлтүүлэх хэрэгсэл
Ямарваа гэмт хэргийн газарт үзлэг, нэгжлэг хийх, шинжилгээ хийх, энгийн нүдэнд үзэгдэх ба үл үзэгдэх мөр, эд мөрийн бусад баримтыг илрүүлэх, сарнисан, чиглүүлсэн, ташуугийн, нэвт туссан гэрэлд гэрэл зураг авахад ахуйн, үйлдвэрлэлийн  болон тусгай зориулалтын  /хэт улаан, хэт ягаан, рентген туяа г.м/ гэрлийн үүсвэрүүдийг ашиглана.
Химийн бодис,  урвал үүсгэгчүүд:
Биологийн гаралтай мөр-бодис, гарын тос, хөлсөөр үүссэн мөрийг нингридийн  уусмал, азот хүчлийн мөнгөний уусмал,цианакрилат, цус, үрийн шингэнийг ус төрөгчийн хэт исэл, гемофан, воскобойниковын уусмал, люминол, фосфотестээр  илрүүлнэ. Тэсрэх ба мансууруулах бодисыг химийн  индикаторын тусламжтайгаар илрүүлэн оношлоно.



Физикийн нунтагууд:
Энэ нь хүний нүдэнд муу үзэгдэх болон үл үзэгдэх гарын мөрийг илрүүлнэ.
Нунтаг:
Нунтгуудыг өнгөөр нь /хар, цагаан, мөнгөлөг, улаан, саарал г.м/, найрлага буюу бодисын нэршлээр нь /хөө, рубин, опал, топаз, малахит, төмрийн нунтаг, хөнгөнцагааны исэл, зэсийн исэл, хар тугалганы исэл,  бронз г.м/, ширхэглэг болон бодисын чанараар нь /бүдүүн ширхэгтэй, нарийн ширхэгтэй мөн хүнд, хөнгөн г.м/ ангилан төрөлжүүлдэг бөгөөд уламлалт нунтгуудас гадна хүхэрлэг цайр, фосфорт уронил зэрэг гэрэлтдэг /fluorescent/нунтгууд байдаг.
Гэрэлтдэг нунтгийг сонин сэтгүүлийн хавтас, зурагт хуудас зэрэг олон өнгөтэй гадаргуунаас мөр илрүүлэхэд ихэвчлэн ашиглах бөгөөд төрөл бүрийн гэрэлтүүлэг болон гэрэл шүүлтүүр бүхий нүдний шилний тусламжтайгаар мөр илрүүлэх ажиллагааг явуулна.

Багс
Төрөл бүрийн гадаргуу дээрээс үл үзэгдэх болон нүдэнд муу харагдаж байгаа хүний хөлсний ялгарлаар үүссэн мөрүүд болох гарын мөр, нүцгэн болон оймстой хөлийн мөр, уруулын мөр зэргийг нунтгаар илрүүлэх буюу тодруулахад ашигладаг хэрэгсэл. Гарын мөр илрүүлэх зориулалт бүхий багсыг үслэг багс ба соронзон багс гэж ангилах бөгөөд төрөл бүрийн хийц, хэлбэртэй байна.

Наалдуулагч хальс /Дакто хальс/
Төрөл бүрийн нунтгаар илрүүлсэн буюу тодруулсан гарын мөр, хөлийн мөрийг бэхжүүлэх, тусгаарлан авахад хэрэглэх бөгөөд зориулалтаасаа хамааран янз бүрийн хэмжээтэй байдаг. Наалдамхай хальс нь цавуулаг болон хамгаалах дэвсгэр хальснаас бүрдэх ба дэвсгэр хальс нь хар цагаан өнгөтэй эсвэл тунгалаг байдаг.
Цахиурлаг полимер материалууд
Гүн мөр, тухайлбал эвдэгч багаж хэрэгсэлийн шууд чиглэсэн үйлчлэлийн мөр, баримлын шавар зэрэг зүйлс дээр үлдсэн гарын мөрийг полимер дээр үндэслэж бий болгосон Силикон, Паста-К, Doriplast, Microsil зэрэг уян хатан, урсамтгай чанартай, хурдан хатуурч, ямарч гадаргуугаас амархан ховхордог материалуудыг ашиглана.
Криминалистикийн гэрэл зураг
1839 онд Парисын шинжлэх ухааны академийн зөвлөл, уран зураач  Лун Жак Дагерийн гэрэл зургийн анхны нээлтийн тухай зарлажээ.
Криминалистикийн гэрэл зургийг субъект, чиглэлээр нь 3 ангилна.
- Шуурхай эрэн сурвалжлах гэрэл зураг
- Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед авагдах гэрэл зураг
- Шүүх шинжилгээний гэрэл зураг
Бэхжүүлэх гэрэл зураг
Эрүүгийн байцаан шийтгэх ба шуурхай эрэн сурвалжлах ажиллагааны явц, үр дүнг гэрэл криминалистикийн зургийн аргаар бэхжүүлэхийн тулд ашиглах арга, арга барил, түүний үндэс болсон шинжлэх ухааны мөрдлөг боловсруулах криминалистикийн техникийн салбар юм.
А. Баримжаалах гэрэл зураг
Гэмт хэргийн газар, объектыг хүрээлэн буй орчинтой нь хамруулж дүрсэлсэн гэрэл зураг. Уг зураг дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг орон, газар, байгалийн тогтоц, хотын дүүрэг, гудамж талбай, барилга байгууламж, зам дүрслэгдэнэ.
Баримжаалсан гэрэл зургийг авахдаа:
Криминалистикийн таамаглал дэвшүүлэхэд шаардагдах гэмт хэрэг үйлдсэн орчин, нөхцөлийн талаар мэдээлэл олж авах, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, объектыг байцаан шийтгэх ажиллагааг нөхөн явуулахын тулд эрж олох шаардлага гарвал чиг, баримжаа авах зорилгоор хэргийн газар, түүнийн орчныг тодорхой зайнаас хэд хэдэн цагаас зураглана.
Зураг авах зайнаас хамаарч:
- Алсаас баримжаалах- Сансраас авсан /Астрофото/
- Дундын зайнаас баримжаалах- Агаараас авсан /Аерофото/
- Ойрын зайнаас баримжаалах- Дэлгэмэл /панорам/ гэж ангилна.
Дэлгэмэл /панорам/ гэрэл зураг авахдаа хэргийн газрын орчины зургийг хэсэгчилэн аваад түүнийгээ эвлүүлэх замаар нэг бүхэл зураг болгоно.
Дэлгэмэл гэрэл зураг авахдаа 2 аргыг ашиглан авна:
Тойргийн дэлгэмэлийн аргаар дүрслэн үзүүлэхдээ нэг кадрт багтахгүй хүрээлэн буй орчны зургийг нэг цэг дээрээс аппаратаа тэнхлэг дээр нь эргүүлэн, эхний кадрын төгсгөлийн хэсгийг дараагийн кадрын эхлэлийн хэсэгтэй 15 градусын огтлолцоотойгоор зургийг авна.

Шугаман дэлгэмэлийн аргаар дүрслэн үзүүлэхдээ нэг кадрт багтахгүй хүрээлэн буй орчинтой аппаратаа параллель нэг шугаманд байрлуулан эхний кадрын төгсгөлийн хэсгийг дараагийн кадрын эхлэлийн хэсэгтэй 15 градусын огтлолцоотойгоор зургыг авна.

Б.Тоймчилсан гэрэл зураг
Гэмт хэргийн газрыг тоймлон харуулж буй ерөнхий зураг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн газрын хилийг тогтоож хэд хэдэн цэгээс тухайн гэмт хэргийн газрын зургийг авна. Харьцангуй ойрын зайнаас зураглах тул объектууд тодорхой дүрслэгдэх ба ач холбогдол өндөртэй цэгүүдийг үсэг буюу тоогоор тэмдэглэж зургийг нь авна.




В. Зангилаа ба хэсэгчилсэн гэрэл зураг
Гэмт хэргийн газрын хамгийн ач холбогдолтой, мэдээлэл агуулсан хэсгийн зураг авалт бөгөөд тухайн хэргийн газарт байрдах харилцан хамаааралтай бүлэг объектыг харилцан байрлалуудыг дүрсэлж харуулах зорилгоор объектуудын харилцан байрлалыг үсэг буюу тоогоор тэмдэглэж зургийг нь авна. /Цогцос түүний дэргэд байрлах галт зэвсэг, лонх зэргийг хамруулан нэг кадрт багтаан зураг авна./


Г. Нэг бүрчилсэн гэрэл зураг
Ул мөр, нотлох баримт, объектуудын хэлбэр хэмжээ шинж тэмдэгийг харуулахын тулд хэмжихүйн гэрэл зургийн аргаар дүрсэлсэн макро гэрэл зураг авалт бөгөөд ул мөр эд мөрийн баримт орчин тойрны эд зүйлсээс тусдаа дүрслэгддэг тул зураг авалтыг илүү тохиромжтой нөхцөлд зөөвөрлөж байрлуулсаны дараа буюу лабораторийн нөхцөлд авч болно.

Таниулах гэрэл зураг
Адилтгал хийх эрэн сурвалжлах, гэмт хэрэгтнийг тоо бүртгэлд бүртгэх зорилгоор хүний гадаад төрхийг дүрслэн үзүүлэхэд энэ арга зүйг ашиглана.
Хүний гадаад байдлыг бүрэн харуулахад:
Эгц урдаас
Баруун хажуу
Толгойг баруун буюу зүүн тийш хагас эргүүлсэн
Тухайн хүний онцлог шинж тэмдэг гэх мэт.
Эгц урдаас гэрэл зургийг нь авахдаа нүдний хүүхэн харааг дайруулж татсан шугам, хоёр чихний омгийг холбосон шугамтай параллель байхаар тооцож авна.
Хажуугаас гэрэл зургийг нь авахдаа чихний цэцэг, нүдний гадна өнцөгийг дайруулан татсан шугам нь чихний омог, нүдний гадна өнцөгийг холбосон шугамтай 15 градусын өнцөг үүсгэсэн байх шаардлагатай.

Цогцосны гэрэл зураг:
Цогцос олдсон газар, түүний байрлал, байдал төрх, хувцас, гэмтэл, шарх, содон шинж тэмдэгийн зургийг, цогцос таниулах, бүртгэлд авах зорилгоор гэрэл зургийг нь авна.
Цогцосны гэрэл зураг авах онцлог нь түүний байгаа байдлыг нь бүрэн үзүүлэхийн тулд хэд хэдэн талаас нь ерөнхий болон хэсэгчилсэн зураг авна.
Үүний тулд цогцосны хоёр хажуу талаас нь ба дээрээс авсан зургаар цогцосны байдлыг, дөрвөн талаас авах нь цогцосны тойрон байгаа орчны эд зүйлс ба цогцосны харилцан байрлалыг харуулж бэхжүүлэх нь илүү тохиромжтой.




No comments:

Post a Comment